Maxima.mn | Тойм: HOMO POLITICUSMONGOLICUS ANNO 2014
16622
post-template-default,single,single-post,postid-16622,single-format-standard,,qode-theme-ver-1.0,wpb-js-composer js-comp-ver-4.3.2,vc_responsive
 

Тойм: HOMO POLITICUSMONGOLICUS ANNO 2014

Бид өнгөрсөн онд уг тайландаа “Улс төрчийн медиа, улс төр, сэтгэл зүйн төрх” гэсэн шинэ булан нээж, олон нийтийн дунд резонанс их үүсгэсэн улс төрчдийг сонгож, тэдгээрийн ОНМХ-ээр дамжуулагдан тогтсон имижд нь дүн шинжилгээ хийн нийтэлж эхэлсэн билээ. Ингэхдээ нийт 4 бүлэг, 24 үзүүлэлтийг харгалзах аргачлалыг боловсруулан улс төрч тус бүрийн ХМХ-ийн орчинд “үлдээсэн ул мөрийг” нь тухай бүрийнх нь онцлогоос хамааран хоёр жил хүртэл эргүүлэн хөөж, түүнээс өмнөх үеийг нь судалгааны багийнхаа хамтын ой санаанд тулгуурлан сэргээж, шаардлагатай зүйлсийг эх сурвалжтай нь тулган шалгаж бичсэн юм. Аргачлалаа хүчин төгөлдөр болох эсэхийг нь шалгах үүднээс нэлээд олон тохиолдолд нэг улс төрчийн төрхийг хэд хэдэн судлаач тус тусдаа бие даан бичсэн бөгөөд хоорондын зөрүү “маргинал” гарсныг энэ дашрамд дурдъя.

Ийнхүү нийт хэдэн арван улс төрчдийн медиа төрх (имиж) тодорхойлогдсноос 20 орчим нь хэвлэгдсэн. Өдгөө жилийн эцэст бүгдийг нь эргүүлэн уншихад зарим цөөн тооны “гажуудлыг” эс тооцвоос бүгдэд нь нийтлэг гэмээр зарим шинжүүд гайхашрал төрүүлэм давтамжтай илрэх бөгөөд улс төрчийн тухай бүрийн түлхүү ач холбогдолгүй онцлогийг нь хаягдуулан бүгдийг нь нэгтгэн үзвээс Монголын өнөөгийн улс төрийн ангийн нийтлэг биш юм гэхэд хамгийн түгээмэл шинжүүдийг агуулсан нэгэн төрх хүссэн хүсээгүй нүдний өмнө “3D” болж харагдах юм. Энэхүү хөргийг хэдэн баярын хооронд үг болгон цааснаа буулагахад дараах хүмүүн танигдаж эхэлнэ:

Тэрээр шударга үнэнч, эх орон, ард түмний эрх ашгийг тууштай хамгаалсан, зарчимтай, чадварлаг, боловсролтой, юм үзэж нүд тайлсан, ард түмэндээ ойр, амьдрал үзсэн,  алдар гавьяатай, ардчилсан хийгээд авлигад автаагүй нөгөө “төрдөө түшигтэй, түмэндээ тустай” сайн ах/эгч/хүү  гэсэн имиджийг өөртөө бүтээхийг зорьсон. Зорьсон гэхээс зоргоороо оролдсон гэж хэлье.

Оролдохдоо бодлогоо боловсруулахаа мартаад үзэж тарсан. Үзэж тарахдаа гахай зөөж байгаа юм шиг үзсэн. Хамтран үзэлцсэн тойрон хүрээлэгч ПиАр зөвлөхүүд нь (зөвлөх гэж өөртэй нь ижил хамаатан садан, найз нөхөд) нэг ч мэргэжлийн ном сөхөж үзээгүй болохоор “зүгээр суухаас зүлгэж сууя даа” хэмээн мэдээлэл, гахай хоёрын зөрүүг олж харахгүй үйлчлүүлэгчээ гахай, шувуун фабрикийн нээлтээс Рашаантын 18-ын 1.15 метр шороо хөдөлгөсөн төрийн ёслол хүртэл тууж шоудуулах гэж зовоон хэрэгтэй хэрэггүй, эрээний хог шиг мэдээгээр ард түмнийг бөмбөгдөж эхэлсэн. Арай соёлтой хэлбэл, тооны хуримтлалаас чанарын үсрэлт гаргах гэж хар ухаанаараа сэтгэсэн аж.

Харин үнэхээр мэдээллийн удирдлагын  ач холбогдолтой, нөлөө бүхий байж болзошгүй мэдээллээ хар авдрандаа хав дарж, халтар нохой шиг харамлан, аргаа барахдаа хэм хэм сэглэн, худал үнэнээр хачирлан гаргаж өгсөн. Уг нь нохойгоор “салами” зүсүүлж болдоггүй л байх.

Ингэсний үр дүнд олон түмний дунд олигтой юм ярьдаггүй, шинэ санаа гардаггүй, цагаа тулахаар хариултаас бултдаг, тас мэлздэг, өөрийн тухай сөрөг мэдээлэлд конструктив хандаж чаддаггүй, өөрөөс бусдыг “популист” гэж хочилдог, гоншигносон, тэгэхдээ юун түрүүнд нуршсан, улиг болсон төрх бүрэлдсэн.

Энэ бүхний хооронд хувийн мэдээллийн хэрэгсэл, хаалтын гэрээ, захиалгат мэдээнд шатаасан мөнгө, хүч хөдөлмөр, цаг хугацаа, мэдрэлийн эсийн хэмжээ 20 мянган хувьсагчаар бодох хэмжээнд хүрсэн.

Харин хэтийн төлөв урьдын адил тааруу. Нэг талаас өөрийн, хувь хүний чадвар дутмаг, нөгөө талаас зөвлөхүүдийнх нь ч адил дутмаг. Мэргэжлийн, бүх талын туслалцаагүй имиджийг шинэчлэх, сайжруулах орон зай 13-р хорооллын дунд шинээр байшин барихтай адил хомс.

Улс төрийн зүтгэлтний хувьд олон нийтэд үнэлэгдэх шинж чанарууд бараг үгүй. Манлайлах хүсэлтэй ч тэр нь байхгүй. Харизмгүйгээр барахгүй уйтгартай эсвэл ядаргаатай санагддаг. Дотогшоо, гадагшаа олныг дагуулан нэгтгэх, төвлөрүүлэх, чиглүүлэх бус дотогшоо хувааж, тарааж аяыг нь тааруулах, гадагшаа хошгоруулах гэж л оролддог.

Одоогийн эзлэх байр сууриндаа муу тохирсон. Нэгдүгээрт, ажлын байрны шаардлагыг хангадаггүй, хоёрдугаарт ажлын байрныхаа үүрэг ролийг ухамсарлаж чаддаггүй, үүрэг ажлаа мэддэггүй, энэ хоёроосоо үүдэн  гуравдугаарт эрх мэдлээ хэтрүүлж, элдвээр авирлан тэнэг харагдаж, хүний дургүйг хүргэж эхэлдэг.

Тэгэхдээ давамгайлах, ноёрхох эрмэлзэл тод илэрсэн. Харин ихэнхдээ үүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй. Ингэхдээ асуудлыг бүхэлд нь болон харилцан уялдааг нь харах чадвар дутагддаг. Анхнаасаа суурь сул байсан ба одоо ажиллаж, амьдарч байгаа орчин нь ийм чадварыг хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлдөг.

Мэргэшсэн, гартаа оруулсан чиглэл, сэдэв байхгүй. Боломж гарвал юм болгоноор ярих гэж оролддог. Боловсролын хувьд гавихгүй. Урьд нь ном нэг их уншдаггүй байсан, одоо бол бүр сөхөх ч үгүй. Албан боловсролын хувьд гэвэл 90-ээд онд хуулийн ТМС-ийг эчнээгээр төгсөн, 2000-аад онд АНУ-д нэг non diploma  сургалтанд хагас дутуу хамрагдаж үүнийгээ Монголд Америкт мастер хийсэн гэж албан ёсоор зарлаж явдаг.

Гүйлгээ ухаан, интриган чадвар түлхүү хөгжссөнийг эс тооцвоос өөр онцгойлох чадвар байхгүй.

Бусадтай харилцахдаа соёлын өндөр түвшинд гэж хэлж боломгүй, харилцагчаа дутуу үнэлж үл ойшоодог. Өөрийгөө илэрхийлэх чадвар сул. Яагаад гэвэл боловсрол нь дахиад дутагдах дээрээ бас боловсрох, хөгжих орчин нь байдаггүй.

Хариуцлага ухамсарлсан байдал маш хомсдолтой, хариуцлага хүлээх бэлэн байдал бүр байхгүй. Бүр анх гарч ирж байхад нь хүмүүс тодорхой хэмжээнд итгэх байдалтай байсан боловч асар богино хугацаанд үл бүтэх үйлдлүүдээрээ тэдний итгэлийг алдрааж, одоо хэн ч итгэдэггүй болсон.

Эрмэлзэл хүчтэй, амбиц маш өндөр. Гэхдээ хүсэл, бодит чадвар хоёрынхоо зөрүүг үнэлж чадддаггүй.

Ер нь өөрийгөө нэлээд мундаг хүн гэж боддог. Нарцисст хандлага багагүй хэмжээнд хөгжсөн. Гэхдээ л ямар нэг хомсдолтой гэдгээ сайн ухамсарлахгүй, тодорхой бусаар мэдрээд байдаг. Inferiority complex-тойгоо хүлээн зөвшөөрдөггүй, тэгэхлээр үүн дээрээ конструктив ажиллаж, засах горьдлого байхгүй.

Өөрийн нийгмийн статусаараа их баярхдаг ч status inconsistency сөргөөр илэрсэн бие хүн. Өөрөөр хэлбэл, өөрчлөгдөх нөхцөлд өөрийгөө зохицуулан хөгжүүлж чадаагүй тул урьдын нийгмийн статус нь өнөөгийнхөд нь тохирохгүй, зөрдөг. Уг байр суурь бол жижиг хөрөнгөтний угшилтай. Энэ нь шинэ цээж баяны авиртай холилдон амьдралын хэв маягаас алхам бүрт нь эвгүй үнэртээд байдаг. Ер нь юм үзээгүй, боловсролоос холдмол нэгэн. Ихэвчлэн хуучин нийгэмд өссөн, шинэ нийгэмд учраа олж чадаагүй буюу зарчмыг шал буруу ойлгосон. Үүнээсээ гадна оюуны ариун цэвэргүй.

Материаллаг сонирхол хүчтэй хөгжсөн. Өнөөгийн улс төрийн байр сууриндаа очоод дээд хэмжээнд авлигажсан.

Оппортунист. Нийгэм, улс төрийн онцгой илэрсэн баримтлал, чин эрмэлзэл илэрдэггүй. Ухамсарлалгүй неолиберал үзэл суртлыг дагадаг. Учир нь өөр юм мэдэхгүй.

Өнөөгийн улс төрийн байр сууриндаа хүрсэн нь бусад улс төрчид нь үндсэндээ  өөрөөс гавихгүй байгаад оршино.

Харин одоо фельетон аясаасаа салан хэдэн зүйлийг торуулбаас homo sapiens politicus mongolicus-ын үндсэн шинж чанарыг жагсааваас:

– Нуршсан төрхтэй

– Өрсөлдөх чадвар байхгүй

– Итгэл төрүүлдэггүй, хүлээлт үүсгэдэггүй

– Олон нийт үнэлэх бүтээж, гийгүүлсэн юмгүй (өөрийн болон ойрын хүрээний  үнэлгээ, олон нийтийн үнэлгээний зөрүүг мэдэрдэггүй)

– Бусдаасаа ялгардаггүй, барьцгүй

– Улс төр хийж чаддаггүй буюу улс төр гэдэг ухагдахууныг ухамсарлаж чадаагүй

– Манлайлах чадваргүй

– Өөрийн мессежээ дамжуулж чаддаггүй, олон нийтэд нөлөөлж чаддаггүй

– Гол нь өрсөлдөхүйц communication management байхгүй буюу мэдээллээ удирдаж мэддэггүй

Гэхдээ хамгийн гол нь төрийн тухай ойлголтгүй. Төрийн тухай ойлголт байхгүй тул аппаратын тухай ойлголт үгүй. Аппаратын тухай ойлголтгүй болохоор ажлаа яаж хийхээ мэддэггүй. Ажлаа яаж хийхээ мэдэхгүй болохоор дүр эсгэж, барлаж оролддог. Тэгээд л тоглоом дуусдаг.

Олон нийт харин ямар улс төрчийг хүсч байна вэ? гэвэл бидний хийх олон судалгаанаас дараах хэдэн шинж, чанар олж харагдсныг мэргэн уншигч Танаа нууцлан мэдэгдье:

– Намба, буурь суурь, төрийн зүтгэлний төрх

– Хууль дүрэм, ажил үүргийн мэдлэг, ухамсарласан байдал

– Урьдын хийж байсан зохих ажлын эерэг туршлага, тодорхой хийж бүтээсэн юм

– Шударга, авлигач бус

– Өндөр боловсрол

– Соёл, боловсон зан төлөв

– Шийдэмгийн, ажил хэрэгч зан төлөв

No Comments

Sorry, the comment form is closed at this time.