2017 ОНЫ ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧИЙН СУДАЛГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН

2017 он өмнөх онтой харьцуулахад онцлох үйл явдлаар цөөн, салбарын үйл ажиллагаа хэвийн, тогтвортой үргэлжиллээ.

2015 оноос Монгол ТВ-ийн “Авъяаслаг Монголчууд” шоу, 2016 оноос Боловсрол суваг ТВ-ийн “Яг түүн шиг” шоу гарч, тухайн үеийнхээ хамгийн өндөр рейтингтэй хөтөлбөрүүд байж чадсан нь олон улсын чанартай контентуудын эрэлт үзэгчдийн дунд байгааг харуулсан билээ. Тэрхүү эрэлтийг дагаад 2017 онд олон улсын чанартай шинэ хөтөлбөрүүд олноор хийгдлээ. Үүнд Боловсрол сувгийн “Mongolian next top model”, “Оддын академи”, Монгол ТВ-ийн “Шарк танк”, NTVийн “Зөн билгийн тулаан Монголд” болон “Ахлах тогоочийн заавраар” зэрэг шоунуудыг дурьдаж болохоор байна.

Хөдөө, орон нутгийн иргэд олон сувгийн үйлчилгээг илүү дэвшилтэт технологи, сонголттойгоор хүлээн авах нөхцөл боломжийг бүрдүүлэх хэд, хэдэн үйл явдал боллоо.

Эдгээрээс дурьдвал:

– IPTV-ийн Юнивишн болон Скаймедиа компаниуд үйлчилгээгээ орон нутагт нэвтрүүлснээр аймгийн төвийн хэрэглэгчид IPTV үйлчилгээг ашиглах боломж бүрдлээ.

– Монгол Сат Нэтворкс ХХК нь сансрын хиймэл дагуулын бизнесийн дэлхийн ТОП5-д багтдаг ABS компанитай хамтран Монголсат-1 нэртэй хиймэл дагуулаар орон нутгийн иргэдэд олон сувгийн үйлчилгээг хүргэхээр албан ёсны нээлтээ хийсэн нь энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг ДДэшТВ компанид шинэ өрсөлдөгч бий болж буй үйл явдал байлаа.

– Сансрын холбооны олон сувгийн үйлчилгээ эрхлэгч ДДэшТВ компани өөрсдийн захиалан хөөргөсөн шинэ хиймэл дагуулруу шилжлээ. Ингэснээр хэрэглэгчид илүү чанартай, өргөн боломжийг хамарсан үйлчилгээг авах нөхцөл бүрдлээ.

Монголын Телевизүүдийн Форум нь 2017 онд “Тооноос чанарт” сэдвийн дор зохиогдсон нь “сурталчилгааны зах зээл бага, цөөн хүн амтай оронд маш олон чанаргүй суваг үйл ажиллагаа явуулж байна” гэсэн судлаачдын дүгнэлтэнд салбарын төлөөлөгчид анхаарал хандуулж байгааг илэрхийлж байв.

“Контент Саммит” арга хэмжээ 2017 онд “Дүрийн бизнесийн хамтын ажиллагаа” сэдвийн дор зохиогдлоо. Контент үйлдвэрлэлээр дамжуулан Монгол дүр төрхийг бүтээх, тэрхүү дүрээр дамжуулан дэлхий дахинд хэрхэн танигдах талаар контент бүтээгчид төр, бизнесийн салбарынхантай хэрхэн уялдаатай ажиллах боломжийг эрэлхийлсэн үйл явдал байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгууль 2017 оны онцлох үйл явдалд зүй ёсоор тооцогдоно. Энэ нь анх удаа хоёр шаттай болсон нь өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудаас онцлог байлаа. 2016 онд батлагдсан “Радио, Телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам ”-ын дагуу ХХЗХ нь хяналт тавих үүрэг хүлээсэн бөгөөд манай компани хамтран ажилласан. Улс даяар хийгдсэн мониторингийн дүнгийн зарим хэсгийг ХХЗХ-ны зөвшөөрөлтэйгөөр энэхүү тайланд нийтэллээ. 2016 оны УИХ болон НИТХ-ын сонгуулиудаар мөн хамтран ажилласан ба үр дүнгийн зарим хэсгийг өмнөх оны тайланд тусгаж байсан.

Ирэх 2018 онд хүлээлт үүсгэсэн хэд хэдэн контентууд цацагдахаар төлөвлөгдөж буй талаар мэдээллүүд гарч эхэлсэн. Эдгээрээс МҮОНТ болон NTV-ийн хамтран цацах Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шууд дамжуулалт, Монгол ТВ-ийн “Voice of Mongolia” шоу, мөн өмнөх жилүүдэд зохиогдож байсан шоунуудын шинэ улирал зэргийг дурьдаж болохоор байна.

2018 оны Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь манай байгууллага телевиз үзэгчийн судалгааг нэвтрүүлснээс хойшхи 2 дахь удаагийнх бөгөөд Монголчууд олон улсын чанартай томоохон спортын арга хэмжээнүүдийг хэр их сонирхон үздэг талаар харьцуулах боломжтой мэдээлэл бий болох жил юм.

Телевизийн салбарын өмнө тулгараад буй асуудлуудыг салбарын тоглогчид хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хэрхэн шийдэх гарцыг олох талаар харилцан ойлголцож, нэгдэн нийлэх боломжийг жилээс жилд эрэлхийлж байгаа нь сайшаалтай юм. Мэргэжлийн судалгааны байгууллагын хувьд цаашид ч телевизийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахын төлөө бид ажиллах болно.

Тайланг татаж авахыг хүсвэл энд дарна уу.

2017 ОНЫ ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧИЙН СУДАЛГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН

Please wait...
No Comments

Sorry, the comment form is closed at this time.