Maxima | 2016 ОНЫ ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧИЙН СУДАЛГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН
16875
post-template-default,single,single-post,postid-16875,single-format-standard,,qode-theme-ver-1.0,wpb-js-composer js-comp-ver-4.3.2,vc_responsive
 

2016 ОНЫ ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧИЙН СУДАЛГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН

2016 он телевизийн салбарт урт болон богино  хугацаанд шийдвэрлэх өөрчлөлтүүд дагуулахуйц үйл явдлаар дүүрэн жил болж өнгөрлөө.

Монголын телевизүүд олон улсын спортын том наадмуудыг хамтран дамжуулдаг байсан бол энэ жишигт сүүлийн жилүүдэд өөрчлөлт орсон. Сочигийн өвлийн олимп, Хөл бөмбөгийн ДАШТ үүний тод жишээ юм. 2016 оны Зуны олимпийг МҮОНТ онцгой эрхтэйгээр шууд дамжууллаа. Энэ нь хувийн телевизүүдтэй шууд, хэт өрсөлдөж байна, төсвийг үр ашиггүй зүйлд зарцуулж байна гэсэн шүүмжлэл дагуулж байгаа ч МҮОНТ нь үзэгчдийн хэрэгцээ, сонирхлыг хангаж ажилласан нь олимпийн  тоглолтуудыг үзсэн рейтингээс харагдаж байв.

2015 оны хамгийн өндөр рейтингтэй хөтөлбөр болох Монгол ТВ-ийн “Авъяаслаг Монголчууд” шоу энэ жил хүчтэй өрсөлдөгчтэй тулгарсан нь “Яг Түүн Шиг” шоу байлаа. Эдгээр нь  цацагдаж байх үеийнхээ хамгийн өндөр рейтингтэй хөтөлбөрүүд байж чадсан бөгөөд энэ нь ТВ-ийн контентийн салбарт чансаатай хөтөлбөрийн орон зай одоо ч байсаар байгааг харуулсан юм.

Видео контентийн үйлдвэрлэл нь Телевизийн салбарын хөгжилтэй салшгүй холбоотой. 2016 оны 1 сард энэ чиглэлээр дагнасан “Гэр контент” групп байгуулагдсанаа зарласан. “Гэр контент” группийн Asian box суваг богино хугацаанд үзэгчийн зах зээлд байршиж, өндөр рейтингтэй сувгуудын нэг болж чаджээ.

“Монголын Телевизүүдийн Форум” нь контентын үнэ цэнэ сэдвийн доор 2016 онд зохиогдсон нь контент үйлдвэрлэл, түүний чанарт салбарынхан онцгой анхаарал хандуулж байгааг илэрхийлнэ. ХХЗХ-ноос санаачлан “Өргөн нэвтрүүлгийн контентын хөгжил” чуулга уулзалтыг зохион байгуулж, Солонгос улсын туршлагаас ч бас хуваалцсан билээ.

Контент үйлдвэрлэл, нийлүүлэлтээс гадна түүний түгээлтийн хувьд ч сонирхолтой үйл явдлууд болсон. Тухайлбал үүрэн телефоны операторууд 4G үйлчилгээг нэвтрүүлсэн нь телевизийн салбарт шинэ боломжуудыг нээж өгөх нь дамжиггүй юм. Нөгөө талаас энэ нь уламжлалт телевизийн бизнест сорилт авчирч байгаа тухай салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

2016 оны 9 сард Юнивишн компани өөрийн дамжуулж байсан зарим сувгийн киноны дүрсийг унагах арга хэмжээ авсан нь ихээхэн шүүмжлэлд өртлөө. Гэвч оюуны өмчийг дээдлэх, зохиогчийн эрхийн зөрчлөөс сэргийлэхийн тулд салбарын бүх тоглогчид үүргээ ухамсарлаж, хариуцлагатай байх шаардлагатайг сануулсан үйл явдал болсон.

Юнивишний толгой компани болох Юнител групп нь өнгөрсөн жил ДДэш ТВ компаний хувьцааны 49%-ийг худалдан авсан нь дамжуулах үйлчилгээний салбарт эзэмшлийн төвлөрөл эхэлж байгааг илтгэсэн үйл явдал байв. 

УИХ болон НИТХ-ын сонгуулиуд 2016 оны онцлох үйл явдалд зүй ёсоор тооцогдоно. Өмнөх улс төрийн сонгуулиудтай харьцуулахад энэ удаагийн сонгуулиар телевизүүдийн орлого олох боломж хуулиар хязгаарлагдмал байлаа. “Радио ,Телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу ХХЗХ нь хяналт тавих үүрэг хүлээсэн бөгөөд манай компани хамтран ажилласан юм. Улс даяар хийгдсэн мониторингийн дүнгийн зарим эмхэтгэлийг ХХЗХ-ны зөвшөөрөлтэйгээр энэхүү тайланд нийтэллээ.

2016 оны хамгийн сүүлийн чухал үйл явдал 12-р сарын 28-нд “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн төслийг өргөн барьсан явдал болов уу. Олон жил яригдаж буй энэ хууль ТВ салбарт чухал хэрэгцээтэй байгаа ч энэ удаагийн хувилбар цаг үеийн нөхцөл шаардлагад нийцэх эсэх тухайд салбарын мэргэжилтнүүд өөр өөр байр суурьтай байгаа юм.

Телевизийн салбарын өмнө тулгараад байгаа асуудлуудад тодорхой ахиц ажиглагдаж байгаа ч энэ нь хангалттай хурдан, далайцтай байж чадахгүй байгааг салбарын тоглогчид илэрхийлж байна. Салбарын хөгжлийн төлөө тоглогчдын цоо шинэ түвшний ойлголцол шаардлагатай гэж бид дурдсаар ирсэн. Мэргэжлийн судалгааны байгууллагын хувьд цаашид ч телевизийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахын төлөө бид ажиллах болно.

Тайланг татаж авахыг хүсвэл энд дарна уу.

Please wait...
Tags:
No Comments

Sorry, the comment form is closed at this time.