Maxima | 2015 ОНЫ ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧИЙН СУДАЛГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН
16857
post-template-default,single,single-post,postid-16857,single-format-standard,,qode-theme-ver-1.0,wpb-js-composer js-comp-ver-4.3.2,vc_responsive

2015 ОНЫ ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧИЙН СУДАЛГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН

Жилийн тайланг бүрэн эхээр нь эндээс татаж авна уу.

2015 онд телевизийн салбарт технологи, контент үйлдвэрлэл, зах зээлийн харилцаа, зохицуулалттай холбоотой хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд гарлаа.
ХХЗХ-ны “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” шинэчлэгдлээ. Уг шинэчилсэн нөхцөл шаардлагад телевиз, сувгуудын санал хүсэлтийг тусгаж, зарим талаар зохицуулалтыг уян хатан болгосон байна. Үүнтэй холбоотойгоор “Монголын Телевизүүдийн Холбоо”-ны хүсэлтийн дагуу цагаан сар, шинэ жилээр нэг цагт явах зар сурталчилгааны дээд хязгаарыг 20 минут болгох шийдвэр гарав.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн наадам Телевизийн салбарын хувьд онцлогтой боллоо. Учир нь энэ жил Үндэсний их баяр наадмыг 15 телевиз дундын багаараа дамжуулсан юм. Телевизийн салбарын хөгжилд салбарын хамтын ажиллагаа чухал. Үндэсний их баяр наадмыг хамтран дамжуулсан нь салбарын тоглогчид хамтын ажиллагаа ямар чухал болохыг ухамсарлаж байгаагийн жишээ боллоо.
2015 он нь УИХ-ын сонгуулийн өмнөх жил гэдгээрээ онцлогтой. Сонгуулийн өмнөх болон сонгуулийн жилээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо огцом нэмэгддэг үзэгдэл өнгөрсөн хугацаанд ажиглагддаг байв. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд телевиз, сувгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл 92 байгаагаас тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт 68 телевиз, суваг байгаа нь 2014 онтой харьцуулахад огцом өөрчлөлт гараагүй байна.
Улсын Их Хурлын 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Үүний хүрээнд Үндэсний контенттой холбоотой хэд хэдэн заалт 2016 он гарснаас хойш хэрэгжиж эхэллээ.
Энэ зохицуулалт нь дотоодын контент үйлдвэрлэлд түлхэц өгөх нь дамжиггүй юм. Нөгөө талаас контентын бизнесийн сонирхогч талууд ч Үндэсний контент, оюуны өмчийн асуудалд онцгой ач холбогдол өгдөг болсон нь “Монголын Телевизүүдийн Форум” болон “Content Summit Mongolia” зэрэг арга хэмжээнүүдээс тодорхой харагдлаа.
Видео контент үйлдвэрлэл, түгээлтийн асуудал дээр Телевизийн салбарыг оролцуулаад хэд хэдэн салбарын ашиг сонирхол давхцаж байна. Монголын хувьд харьцангуй шинэд тооцогдох энэ салбарын боломжийг өөртөө татах гэсэн оролдлого олон талд өрнөж, үүний хүрээнд зарим бизнесүүд нэгдэх хүртэл томоохон шийдвэрүүд гарлаа.
Нөгөө талаас харилцаа холбооны салбарт технологийн шинэчлэл идэвхитэй өрнөж байна. МТШХХГ-аас 2015 оны 7-р сарын 15-нд Монгол улс даяараа телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжсэнийг зарласан. Мөн хэрэглэгчид хүрч буй дэд бүтцээс үл хамааран контентыг хүргэх хэд хэдэн OTT үйлчилгээ туршигдаж, бизнесийн моделио тохируулж байна. Netflix монголд нээгдсэн нь энэ чиглэлд мөн л сонирхол татахуйц үйл явдал боллоо. Үүний зэрэгцээ үүрэн телефоны операторуудын 4G үйлчилгээ нэвтрүүлэх санаачлага биеллээ олоход ойртжээ. Эдгээр хүчин зүйлс бүгд өргөн нэвтрүүлгийн телевизийн бизнест тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх нь зайлшгүй.
Үзэгчийн зан төлөв, контентын хүртээмж, технологийн хөгжлөө дагаад Контент-Дата гэсэн харилцан хамаарал дээр суурилсан шинэ бизнес модель бий болж байна. Эдгээр ойлголтыг тус тусад нь авч үзэх боломжгүй бөгөөд дэлхий нийтийг хамарч буй чиг хандлага тул телевизийн салбар ч гэсэн энэ чиглэлээ баримжаалан бизнесээ хөгжүүлэх шаардлагатай юм. Энэ нөхцөлд оператор компани болон Телевизийн хамтын ажиллагааны зарчмыг маш тодорхой болгох шаардлагатай тухай бид 2015 оны “Монголын Телевизүүдийн Форум” дээр тавьсан илтгэлдээ дурдаж байсан.
Телевизийн салбарт худалдааны шинэ дүрэм тогтоох, цаашдын хөгжлийг хангах салбарын шинэ бүтцийг үүсгэх хэрэгцээ шаардлага үүсээд буйг салбарын тоглогч бүр хүлээн зөвшөөрч байна. Салбарын тоглогч бүрийн харилцан ойлголцлын үр дүнд энэхүү өөрчлөлт хийгдэх бөгөөд энэ тал дээр санаачлагууд гарч, судалгаа хийгдэж байгаа нь сайшаалтай. Дотоодын болон гадны сонирхогч талууд оролцож эхэлснээрээ цаашид ч энэ чиглэлийг баримжаалсан ажлууд эрчимжиж, тодорхой үр дүн гарах төлөвтэй байна.
Технологийн дэвшил, үзэгчийн хүсэл сонирхол, контентын хөгжлөө дагаад Телевизийн салбарын зах зээлийн харилцаа, төлөв байдалд өөрчлөлт орж, үүнийг дагаад цоо шинэ түвшний ойлголцол, зохицуулалт шаардагдаж байна. Манай орны Телевизийн салбарын тоглогчид ч энэ тал дээр алсыг харсан шийдвэрүүд гаргах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Мэргэжлийн судалгааны байгууллагын хувьд бид телевизийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахын төлөө ажиллах болно.

Tags:
No Comments

Sorry, the comment form is closed at this time.