2020 ОНЫ ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧИЙН СУДАЛГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН
2020 он цаг үеийн нөхцөлөөс хамаарч, онцлох үйл явдлаар цөөн, салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжиллээ.
Спортын томоохон арга хэмжээнүүд олон болох байсан ч дэлхийн нийтийг хамарсан халдварт Ковид19 вирусийн тархалтаас хамаарч бүгд хойшлогдлоо. Тухайлбал Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах байсан Зуны олимпын 32-р наадам, Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зэргийг үүнд дурдаж болно. Өөрөөр хэлбэл спортын томоохон наадмуудыг шууд дамжуулахаар бэлтгэж байсан сувгуудын хувьд одоогийн үзүүлсэн рейтингээсээ илүү үр дүн үзүүлэх боломжтой байсныг илтгэж байна.
Үзэгчдийн хувьд сүүлийн жилүүдэд олон улсын формат бүхий шоу нэвтрүүлгүүд цацагдахыг хүлээдэг болсон гэхэд хилсдэхгүй. Энэ уламжлалын дагуу хэд, хэдэн шоу нэвтрүүлгүүд 2020 онд цацагдлаа. Үүнд:
- Монгол ТВ суваг “Voice of Mongolia” шоуны 2-р улирлын дугаарууд. Жилийн хамгийн өндөр рейтингтэй контентуудын 2-рт жагссан.
- Боловсрол суваг “Бурхны авралаар чи ирлээ” шоу шинээр гарч эхэлсэн. Жилийн хамгийн өндөр рейтингтэй контентуудын 5-рт жагссан.
- NTV суваг “Эхнэрийн заавраар” шоу шинээр гарч эхэлсэн. Өмнө гарч байсан “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгийн шинэ хувилбар. Жилийн хамгийн өндөр рейтингтэй шоу нэвтрүүлгүүдийн ТОП10-т багтсан.
- Боловсрол суваг “Үндэсний үсэглэлийн аварга” шоу нэвтрүүлгийн 1 болон 2-р улирлын дугаарууд. Жилийн хамгийн өндөр рейтингтэй шоу нэвтрүүлгүүдийн ТОП10-т багтсан.
- Монгол ТВ суваг “Аппрентис Монгол” шоу нэвтрүүлэг оны сүүлээс эхлэн он дамнан гарсан. Гол үр дүнгүүд 2021 оны тайланд тусгагдана.
Эдгээрээс гадна өөр олон ТВ шоунууд цацагдсан ба ерөнхий үр дүнг тайлангийн дараагийн бүлгүүдээс харж болно.
Жилийн онцлох контентын тоонд Хүлэгү болон Номадиа пикчерсийн хамтын бүтээл “Бүтэн амьдрал” олон ангит кино зүй ёсоор багтана.
Тус кино нь Боловсрол болон Asian box сувгуудаар гарсан бөгөөд жилийн хамгийн өндөр рейтингтэй контентоор нэрлэгдсэн билээ. Тус кино зохиолыг БНСУ-ын KBS телевизээс албан ёсны эрхтэйгээр худалдан авч, Монголын нийгмийн хэв маягт тохируулан хөрвүүлж бүтээсэн гэдгээрээ онцлог юм.УИХ болон Орон нутгийн ИТХ-ын сонгуулиуд 2020 оны онцлох үйл явдалд зүй ёсоор тооцогдоно. “Радио, Телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу ХХЗХ нь хяналт тавих үүрэг хүлээсэн бөгөөд манай компани хамтран ажилласан. Энэхүү мониторингийн зарим үр дүнг ХХЗХ-ны зөвшөөрөлтэйгөөр тайланд нийтэллээ.
Манай компанийн зар сурталчилгааны мониторингийн дүнгээс харахад 2020 онд өмнөх онтой харьцуулахад зар сурталчилгааны секундээр илэрхийлсэн нийт хэмжээ 15% орчмоор өссөн дүнтэй байсан. Үүнийг бүтцийн хувьд задлан харахад цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч нийгмийн шинжтэй уриалга, сурталчилгаа өмнөх онтой харьцуулахад бараг 3 дахин өссөн. Энэхүү үр дүн нь сурталчилгааны нийт дүнд нөлөөлж, өсөлттэй харагдуулсныг илтгэж байна.
Зөвхөн арилжааны рекламын хувьд өмнөх онтой харьцуулахад 3 орчим хувиар буурсан дүнтэй байсан. Дээрх үр дүнгүүд зар сурталчилгааны секундээр илэрхийлсэн нийт хэмжээ өссөн хэдий ч зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ өссөн гэж дүгнэх нь эргэлзээтэй болохыг харуулж байна.
Манай байгууллагаас Телевиз Үзэлтийн Судалгааны жилийн тайланг энэ жил 8 дахь удаагаа танилцуулж буй бөгөөд өнгөрсөн жилээс шинэ өнгө төрх, шинэ агуулга, илүү их мэдээлэлтэйгээр танилцуулж эхэлсэн.
Телевизийн салбарт шаардлагатай мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, найдвартай хангах бидний зорилго хангагдаж буй гэдэгт итгэн, цаашид ч телевизийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө хичээн ажиллах болно.
Тайланг татаж авахыг хүсвэл энд дарна уу.
Sorry, the comment form is closed at this time.