2018 ОНЫ ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧИЙН СУДАЛГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН

2018 он өмнөх оны адилаар онцлох үйл явдлаар цөөн, салбарын үйл ажиллагаа хэвийн тогтвортой үргэлжиллээ.

Монголын телевизүүд олон улсын спортын томоохон наадмуудыг тогтмол, цаг алдалгүй шууд дамжуулдаг уламжлал энэ онд ч мөн үргэлжиллээ. 2018 оны спортын томоохон наадмуудын тоонд Өмнөд Солонгосын Пёнчан хотод зохион байгуулагдсан Өвлийн спортын 23-р олимпын их наадам, ОХУ-д зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн ДАШТ зүй ёсоор багтана. Эдгээр тэмцээнийг аль алиныг нь Монголын телевизүүд шууд дамжуулсан бөгөөд Өвлийн олимпын наадмыг TV5 телевиз, Хөлбөмбөгийн ДАШТ-ийг МҮОНТ болон NTV телевизүүд хамтран шууд дамжууллаа. Шууд дамжуулалт нь тухайн сувгийн рейтингэд эергээр нөлөөлж байсныг судалгааны дүн харуулж байсан. Энэ нь эдгээр телевизүүд үзэгчдийн хэрэгцээ, сонирхлыг хангаж ажилласны илрэл юм.

Спортын томоохон наадмуудаас гадна олон улсын формат бүхий шоу нэвтрүүлгүүд амжилттай байсныг жилийн хамгийн өндөр рейтингтэй нэвтрүүлгийн жагсаалтыг Боловсрол суваг ТВ-ийн “Яг түүн шиг” шоу, Монгол ТВ-ийн “Авьяаслаг Монголчууд” болон “Voice” шоунууд тэргүүлсэн үр дүнгээс харж болно. “Яг түүн шиг” болон “Авьяаслаг Монголчууд” шоунуудын хувьд энэ онд тус бүр 3 дахь жилдээ цацагдсан бол “Voice” шоуны хувьд энэ онд анх удаа цацагдсан билээ.

Үзэгчдийн 50-иас илүү хувийг нэг дор төвлөрүүлж чаддаг 2 нэвтрүүлэг нэг өдөр, нэг цагт зэрэг гарсан тохиолдол 2018 онд гарлаа. Эдгээр нэвтрүүлгүүд нь Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоу, Монгол телевизийн “Voice” шоу байсан бөгөөд тус бүрийн ерөнхий үр дүн буурч байсныг тухайн үед манай байгууллагаас нийтэд танилцуулсан.

“Voice” шоу нь Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Asian Television Awards” 23 дахь удаагийн ёслолын арга хэмжээнээс “Азийн шилдэг энтертайнмент шоу” болон “Азийн шилдэг нутагшуулсан контент” гэсэн 2 номинацад тэргүүлсэн нь түүхэн үйл явдал боллоо. Энэ ташрамд Монгол ТВ-ийн нийт хамт олонд баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсье.

Монголын Телевизүүдийн Форум 2018 онд “Үзэгчийн эрх шиг” уриан дор зохион байгуулагдсан нь үзэгчдэд ээлтэй, чанартай, сонирхол татахуйц агуулга бүхий контент үйлдвэрлэх чиглэл рүү анхаарал хандуулж эхэлснийг харууллаа. Сүүлийн жилүүдэд яригдаж, салбарын оролцогч талуудад хүлээлт үүсгээд буй “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийн талаар форумын үеэр хэлэлцэгдэж байсан ч форумаас хойш тодорхой мэдээлэлгүй “нам жим” хэвээр байна.

Мөн Монголын Телевизийн Форумын үеэр ХХЗХ-ноос “Медиа болон өргөн нэвтрүүлгийн зах зээлийн судалгаа” хийснээ танилцуулсан нь салбартаа анх удаа хийгдсэн томоохон судалгаа болсон байв. Цаашид энэ судалгааг тогтмолжуулах нь салбарын хөгжилд түлхэц өгөх ач холбогдолтой мэдээлэл болох юм.

Манай судалгааны үр дүнгээр олон улсын формат бүхий хэдэн шоуг эс тооцвол киноны рейтинг өндөр байдаг билээ. Мөн Movie box, Asian box зэрэг киноны төрөлжсөн сувгууд рейтинг өндөртэй сувгуудын тоонд тогтмол багтдаг. Тэгвэл эдгээр үр дүнгээс шалтгаалж өнгөрсөн онд 2 ч суваг төрөлжсөн чиглэлээ шинэчилж, кино суваг боллоо. Эдгээрийг дурдвал TV9x2 суваг Cinema нэртэй, TV5-Энтертэйнмэнт суваг Movie max нэртэй болж кино сувгийн тоог 2-оор нэмлээ. Эдгээр сувгууд 2019 онд хэр амжилттай байхаас хамаарч кино сувгийн багтаамж дүүрсэн үү, эсвэл гэдэг асуултад тодорхой хариулт өгөх боломжтой болно.

Манай байгууллага нь Телевиз Үзэлтийн судалгааны нэгдсэн тайланг сүүлийн 5 жил тогтмол танилцуулж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд шинэ өнгө төрх, шинэ агуулга, илүү их мэдээлэлтэйгээр 6 дахь жилдээ танилцуулж байна.

Телевизийн салбарт шаардлагатай мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, найдвартай хангах бидний зорилго хангагдаж буй гэдэгт итгэн, цаашид ч телевизийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө хичээн ажиллах болно.

Тайланг татаж авахыг хүсвэл энд дарна уу.

2018 ОНЫ ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧИЙН СУДАЛГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН

Please wait...
No Comments

Sorry, the comment form is closed at this time.