2019 ОНЫ ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧИЙН СУДАЛГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН

2019 он өмнөх оны адилаар онцлох үйл явдлаар цөөн, салбарын үйл ажиллагаа хэвийн тогтвортой үргэлжиллээ.

Спортын томоохон наадмууд сондгой жилүүдэд явагддаггүй уламжлалыг эвдэж энэ онд Сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д зохиогдлоо. Тус тэмцээнийг албан ёсны онцгой эрхтэйгээр NTV суваг, мөн СТАР болон SPS сувгууд хамтран дамжуулсан. 2020 онд үзэгчдийн хамгийн их хүлээлттэй контент нь Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах Зуны Олимпын 32-р наадам юм. 2016 оны Зуны Олимпын шууд дамжуулалт сувгийн рейтингэд хэрхэн нөлөөлж байсныг өмнөх жилүүдийн тайланд тусгасан билээ.

2015 оноос Монгол ТВ-ийн “Авьяаслаг Монголчууд” шоу гарч эхэлснээс хойш олон улсын формат бүхий шоу нэвтрүүлгүүд олноор гарч, үзэгчдийн сонирхлыг ч татсаар ирсэн. Энэ онд МҮОНТ-ийн “Монголын нинжа дайчид”, Боловсрол сувгийн “3 сая инээд”, “Үндэсний үсэглэлийн аварга” зэрэг шинэ шоунууд, мөн Боловсрол сувгийн “Яг түүн шиг”, NTV сувгийн “Ахлах тогоочийн заавар Монголд”, Монгол ТВийн “Шарк Танк”, оны сүүлийн өдөр гарсан “Voice of Mongolia” гэх мэт өмнө гарч байсан шоунуудын шинэ улирал, мөн Монгол ТВ, Боловсрол, MN25 гэх мэт сувгуудын хийж буй бусад шоунууд гээд маш олон төрлийн шоу нэвтрүүлгүүд цацагдлаа. Эдгээр шоу нэвтрүүлгүүд үзэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэж, өндөр рейтингтэй байсныг судалгааны үр дүн харуулсан.

Үзэгчдийн 50-иас илүү хувийг нэг дор төвлөрүүлэх боломжтой 2 нэвтрүүлэг нэг өдөр, нэг цагт гарсан тохиолдол энэ онд ч мөн гарлаа. Эдгээр нэвтрүүлгүүд нь Боловсрол сувгийн “3 сая инээд”, МҮОНТ-ийн “Монголын нинжа дайчид” шоу байсан бөгөөд үзэгчийн хуваагдал их байсныг судалгааны үр дүн харуулсан. Хэрвээ эдгээр нэвтрүүлгүүдийн гарах цаг давхцаагүй бол тус бүрийн рейтинг одоогийн үр дүнгээс өндөр байх нь тодорхой юм.

Өмнөх жилийн тайланд дурдсанчлан шинээр нэмэгдсэн кино сувгуудын үр дүн 2019 онд ямар байхаас хамаарч кино сувгийн багтаамж дүүрсэн үү, эсвэл гэдэг асуултад хариулт өгөх боломжтой болох байсан. Шинээр нэмэгдсэн Movie max сувгийн хувьд ТОП20-д багтсан хэдий ч өмнөх жилээс байр ухарсан, Cinema сувгийн хувьд ТОП20-д багтаагүй зэргээс харахад эдгээр сувгууд амжилттай байгаагүйг харуулж байна. Үүнээс үзэхэд кино сувгийн багтаамж дүүрсэн гэж үзэж болохоор байна. Гэхдээ кино төрөл жанрын хувьд зөвхөн төрөлжсөн сувгуудын өрсөлдөөн гэхээс илүүтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа дийлэнх сувгуудын өрсөлдөөн байдгийг харгалзах хэрэгтэй.

Жилийн онцлох контентын тоонд Фантастик продакшны бүтээл “37-р точка” олон ангит кино багтаж байна. Тус кино нь NTV болон СТАР сувгуудаар гарсан бөгөөд жилийн хамгийн өндөр рейтингтэй 10 хөтөлбөрийн тоонд багтсан билээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монголын Телевизүүдийн Форум 2019 онд зохион байгуулагдалгүй өнжлөө.

Сүүлийн жилүүдэд яригдаж, салбарын оролцогч талуудад хүлээлт үүсгээд байсан “Өргөн нэвтрүүлгийн тухай” болон “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай” хуулиуд 2019 оны 12 сарын 12-ны өдөр батлагдлаа. Ингэснээр салбар тодорхой хууль, эрхзүйн зохицуулалттай болж, цаашдын хөгжилд эерэг нөлөөг үзүүлнэ гэж мэргэжилтнүүд дүгнэж байсан.

Манай байгууллагаас Телевиз Үзэлтийн Судалгааны жилийн тайланг энэ жил 7 дахь удаагаа танилцуулж буй бөгөөд өнгөрсөн жилээс шинэ өнгө төрх, шинэ агуулга, илүү их мэдээлэлтэйгээр танилцуулж эхэлсэн.

Телевизийн салбарт шаардлагатай мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, найдвартай хангах бидний зорилго хангагдаж буй гэдэгт итгэн, цаашид ч телевизийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө хичээн ажиллах болно.

Тайланг татаж авахыг хүсвэл энд дарна уу.

2019 ОНЫ ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧИЙН СУДАЛГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН

Please wait...
No Comments

Sorry, the comment form is closed at this time.