НААДМААР телевизүүдийн рейтинг ямар байв?

НААДМААР телевизүүдийн рейтинг ямар байв?

Улаанбаатар хотын хэмжээнд Телевиз Үзэлтийн Судалгаа явуулж буй “Максима Медиа” компанийн судалгаанд үндэслэн Үндэсний их баяр наадмаарх ТВ сувгуудын үзэлтийг сурвалжиллаа.“Максима Медиа” компани нь Английн “Кантар Медиа” компаний пиплметр технологиор Монгол улсад Телевиз Үзэлтийн Судалгааг явуулдаг юм.

Тулгар төрийн 2223, Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадам маань сайхан болж өндөрлөлөө. “Дэлхийд ганц” гэж омогшдог Монгол наадам өнгөц харахад эрийн гурван наадмаар хязгаарлагддаг мэт боловч Монголчуудын хувьд шинэ үеийн зан үйлийг бүрэлдүүлсэнээрээ онцлогтой байдаг. Өөрөөр хэлбэл хуушуур, шорлог амсаж, айргаа ууж, ах дүүсээрээ зочилж, салхинд гараагүй бол Монголчуудын хувьд сайхан наадсан гэхэд хэцүү. Харин телевиз бол энэ цогц зан үйлийн салшгүй нэгэн хэсэг байдаг.

ТВ сувгуудын наадмын үеийн рейтинг

“Морь нь хурдан, Бөх нь хүчтэй, Сум нь мэргэн” байхыг нэг нэгэндээ ерөөхдөө бид 1998 оноос шагайн харваа наадмын бүрдэлд орж, эрийн дөрвөн наадамтай болсноо тэр бүр анзаардаггүй.

Эдгээрийг бүхэлд нь медиа салбарын зүгээс харвал наадам нь дөрвөн төрөлтэй спортын цогц арга хэмжээ буюу спорт контент юм.

Харьцангуй цөөн төрөлтэй, хугацааны хувьд богино ч ерөнхий форматын хувьд дэлхийн хэмжээний спортын арга хэмжээтэй адилаар нэвтрүүлэх боломжтой контент билээ.

Харин медиа салбарын олон улсын зарчмын дагуу спортын томоохон арга хэмжээг онцгой эрхтэйгээр дамжуулж эхлээд чамгүй хугацаа өнгөрчээ.

NBA, Premier League гээд Сочи-2014, Бразил-2014 –ыг дурдаж болно. Гэвч үндэсний наадам маань одоо хүртэл ийм зохицуулалтанд ороогүйгээс бүх суваг өөрсдийн боломжоор гаргаж, тэр хэмжээгээр рейтингдээ харилцан нөлөөлж, хувааж байгаа нь ажиглагдсаар байна. (2013 оны рейтинг, шинжилгээгэнд дарж үзнэ үү.)

Ямартай ч Монголын ТВ сувгууд үзэгчдэдээ наадмыг аль болох сонирхолтойгоор хүргэхийг байнга чармайж байдаг бөгөөд энэ жил ч өөр өөрсдийн онцлогоор наадмын өдрүүдээрх хөтөлбөрөө боловсруулсан байлаа.

Үүний үр дүнд наадмын өдрүүдийн хамгийн өндөр рейтингтэй сувгууд дараах байдалтай гарчээ.

2014.07.11-2014.07.13 -ны өдрүүд дэх ТВ сувгуудын рейтинг

Суваг Rtg % (06:00-24:00)
1 МҮОНТ 2.9
2 Монгол HD 1.6
3 ТV9 1.3
4 MN25 1.1
5 Dream Box 0.9

МҮОНТ-ын хувьд 2013 онд ч рейтингээрээ тэргүүлж байлаа.

Энгийн үед бусад сувгуудтайгаа ижил буюу доогуур рейтингтэй байдаг энэ суваг тодорхой тохиолдлуудад бусдаас харьцангуй өндөр рейтинг цуглуулдаг нь үндэсний телевиз гэсэн ерөнхий имидж, мөн чадварлаг хөтлөгч, тайлбарлагчидтай нь холбоотой гэж медиа салбарын мэргэжилтнүүд үздэг.

Гэвч бусад ТВ-үүдтэй харьцуулахад шинэлэг биш нэгэн хэвийн гэж шүүмжлүүлэх нь ч бий.

Харин энэ жил наадмын хөтөлбөрөөрөө үзэгчдээ амжилттай татаж, рейтингээрээ удаалсан телевиз нь Монгол ТВ байлаа. 

“Манай ТВ байнга шинийг эрэлхийлж, үзэгчдэдээ хүргэж буй бүтээлээ шинэлэг, бүтээлч байлгахыг чухалчилдаг.

Энэ удаад ч бид шилдэг технологи ашиглаж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүстэй хамтарч ажилласнаараа өнгөрсөн жилтэй харьцуулахад амжилттай ажилласан” гэж Монгол ТВ-ын продюсер Б.Саруул хэлэв.

Мөн тэрээр наадмыг ТВ сувгуудаар дамжуулахын тухайд “МҮОНТ иргэдээс, төрөөс санхүүжилт авдаг ч бусад ТВ-үүдийн рекламны орон зайд өрсөлддөг нь зөв үү?

Энэ янзаараа олон суваг зэрэг наадам дамжуулбал агуулгын хувьд сайжирч чадахгүй гэдэгт эмзэглэж байна. Энэ тал дээр бодлогын зохицуулалт чухал байх” гэдгийг онцолсон юм.

 “Үндэсний спортыг түлхүү нэвтрүүлдэгээрээ манай телевиз онцлог” гэж ТВ9 телевизийн Програмын албаны дарга Н.Баярсайхан онцолно. 

Энэ нь цагаан сарын бөхийн барилдааны үеэр ч харагдсан бөгөөд өнгөрсөн цагаан сарын битүүний өдрийн хамгийн өндөр рейтингтэй суваг болж байсан юм.

“Бид үндэсний спорт сонирхогчдодоо зориулж улсын баяраас гадна хөдөө орон нутгийн наадам, бусад барилдаануудыг ч гэсэн нэвтрүүлсээр ирсэн. Үндэсний спорт маань зөвхөн улсын баяр наадмаар хязгаарлагддагүй.

Аймаг, сум бүр цаашилбал айлын хүүхдүүд ч гэсэн хоорондоо барилдаж нааддаг шүү дээ. Үндэсний энэ онцлогийг тодотгох, сурталчилах, уламжлуулах нь манай зорилгын нэг байдаг юм” гэж Н.Баярсайхан хэллээ.

Наадам гаргаагүй ч гэсэн үзэгчдээ амжилттай татаж, рейтингээрээ эхний тавд багтсан онцлог суваг бол хүүхдийн Dream box суваг байв.

Бонго, Можуух, Мишээл гурван баатар хүүхдүүдийн хэзээний танил, сайн найз болж чадсан нь наадмын өдрүүдээр ч өндөр рейтингтэй байсан тэр дундаа үзэгчдийнх нь 71,7% нь хүүхэдтэй айл байснаас нь тодхон харагдана.

Энэ тухайд Box Network төрөлжсөн сувгийн сүлжээ телевизийн маркетингийн албаны даргаБ.Мөнхцэцэг “Манайх бол хүүхдийн нэвтрүүлгээр төрөлжсөн Монголын цорын ганц суваг.

Бид хүүхдүүдийнхээ хүсэл сонирхолд нийцэхээс гадна хүмүүжил, боловсролд нь тустай нэвтрүүлэг хүргэхийг зорьж ажилладаг. Бид хөтөлбөрийн бодлогынхоо дагуу наадамтай холбоотой нэвтрүүлэг гаргаагүй ч үнэнч үзэгчид, хүүхдүүд маань манай сувгийг сонгон үзсэнд баяртай байна” гэлээ.

Dream box суваг Улаанбаатарын үзэгчдийн дунд рейтингээ өндөр хадгалж чаддаг суваг юм. “Бид цаашид ч үнэнч үзэгчдэдээ зориулж улам чанартай нэвтрүүлэг хийсээр байх болно.

Мөн сүүлийн жилүүдэд хүүхдэд зориулсан бүрэн хэмжээний кино огт гараагүй бол манай Dream box сувгийн уран бүтээлчид үзэгчдэдээ хичээлийн шинэ жилийн баярын бэлэг болгож Бонго, Можуух, Мишээл гурван баатрынхаа оролцсон хүүхдийн бүрэн хэмжээний кино хийж байгаагаа дуулгахад таатай байна” гэж Б.Мөнхцэцэг онцлов.

2014.07.11-2014.07.13 -ны өдрүүд дэх ТВ сувгуудын рейтинг

Эрийн тав дахь наадам

Энэ жилийн наадмын нэг онцлог бол хөл бөмбөгийн ДАШТ-ын финалын тоглолтуудтай давхцсан нь байсан юм.

Тус арга хэмжээг Монголд ETV телевиз онцгой эрхтэйгээр дамжуулж байгаа.

Үзэгч татдаг чанартай контентууд нэг цаг дээр давхцахад үзэгч шууд хуваагддаг тул аль аль контентынхоо рейтингэд сөргөөр нөлөөлөх сул талтай байдаг бол ETV сувгаар гарч буй ДАШТ нь шөнийн цагаар гарч байснаараа бусад сувгийн рейтингэд нөлөөлөхгүй, мөн өрсөлдөгч хүчтэй контент байхгүйгээрээ давуу талтай байсан юм.

ETV суваг ДАШТ-ийг дамжуулснаараа үзэгчдийг шөнө унтуулахгүй барьж чадсан нь тоглолт эхэлсэн өдрөөс хойших Телевиз Үзэлтийн Судалгаагаар харагдаж байсан билээ.

Үндэсний их баяр наадмын үзэгчийн тоо, хөл бөмбөгийн ДАШТ-ний үзэгчийн тоог харьцуулж харахад наадамчид энэ наадмаар үзэх харах зүйл ихтэй сайхан наадсаныг харж болно.

7-р сарын 14-ны өглөө гарсан Герман-Аргентиний тоглолт, МҮОНТ-ын 7-р сарын 12-ны оройн эфир буюу Үндэсний бөхийн шөвгийн 16-аас хойш барилдааны рейтинг ижилхэн байгаа нь ТҮС-ны үр дүнгээр харагджээ.

Энэ нь зөвхөн Улаанбаатар хотын өрхийн үзэлтийн мэдээлэл бөгөөд үүнд хөдөө орон нутгийн үзэгч, наадмын хувьд стадионд байсан үзэгчид, хөл бөмбөгийн хувьд гэрээс гадуур үзсэн үзэлт тооцогдохгүйг анхаарах хэрэгтэй. Гэвч стадион болон хөл бөмбөг гаргасан газруудын багтаамж нь Улаанбаатар хотын нийт хүн амд харьцуулахад цөөхөн хувь эзэлнэ.

Дэлхийн болон олон улсын чанартай спортын арга хэмжээнүүдийн рейтинг өндөр байсан тохиолдол цөөн.

Харин хөл бөмбөгийн ДАШТ-ийг нэвтрүүлсэн нь үүнийг эвдэж, энэ төрлийн контент Монголд ч өндөр үзэгчтэй контентын нэг болохыг харууллаа.

Гэхдээ үүнд цагийн зөрүү, онцгой эрхтэйгээр нэвтрүүлэгч ETV –ын маркетингийн кампанит ажил зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн болов уу. Энэ талаараа “Масс агентлаг”-ийн ерөнхий захирал Ч.Даваабаяр 7-р сарын 10-нд mass.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Олон улсад ETV, “Масс агентлаг” гэхгүй, Монгол л гэж ярина шүү дээ. Тиймээс дэлхийн хэмжээний энэ том төслийг ард түмэндээ бүхий л төрөл, хэлбэрээр нь цогцоор нь үзүүлэхийг зорилго болон ажиллаж, амжилттай хэрэгжиж байна” гэсэн юм.

“Хойтон жилийн наадам ч хол байна даа, хол байна”

“Наадмын маргааш намар” гэгчээр ажил, амьдрал цааш хэвийн хэмнэлээр үргэлжилдэг. Харин наадмын буюу спортын контентын хувьд үүнийг эдийн засгийн ашигтай, зөв загвараар эргэлтэнд оруулах хэрэгцээ байгааг энэ жилийн наадам болон хөл бөмбөгийн ДАШТ-ын үзэлтийн байдал харууллаа.

Наадмын контентыг “онцгой эрх”-ээр дамжуулж нэвтрүүлснээр зохион байгуулагч талд ч, телевизийн сувагт ч, түүгээр зар сурталчилгаа явуулж буй байгууллагад ч тодорхой бөгөөд ашигтай нөхцөл байдал үүсэх юм. Олон улсын энэ туршлага амжилттай хэрэгжиж болохын бэлэн жишээ нь хөл бөмбөгийн ДАШТ байв.

Хойтон жилийн наадам хэдий хол байгаа ч, Монголын ТВ сувгууд үзэгчдэдээ хамгийн сайхнаар хүргэхээр чармайж ажилласан хэвээр байх нь ойлгомжтой билээ.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.