Пакистаны телевиз үзэлтийн хэмжилт эхний шатандаа байсаар байна
Пакистанд телевиз үзэлтийн хэмжилт судалгаа нь саяхнаас хөгжсөн ба телевизүүдийн зах зээлд аль хэдийн маш чухал ач холбогдол үзүүлж байна. Энэ бол Medialogic компаний гүйцэтгэх захирал Салман Данишийн өгч буй үнэлгээ юм. Тэрээр “Телевиз үзэлтийн хэмжилт нь Пакистанд нэвтэрч эхэлснээр телевизийн салбар өмнөхөөсөө илүү хурдан хөгжиж байна. Олон төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс зар сурталчилгаа нийлүүлэгчдэд үзэлтийн талаарх тоон үзүүлэлтийн үр дүнг өгч байгаа цорын ганц сонголт нь одоогоор телевиз байна. Гаднах самбарын болон радио, сонин сэтгүүлийн судалгаанууд нь телевизийн судалгааг бодоход илүү энгийн. Брэнд болон хэвлэл мэдээллийн менежерүүд бусад мэдээллийн хэрэгслээс илүүтэй телевизид мөнгө төлөхдөө таатай байдаг. Үр дүнд нь телевизийн салбар илүү хурдацтай хөгжиж байна. Хэмжилт, судалгааг өргөжүүлж хэрэглээнд нэвтрүүлэн, зар сурталчилгаа нийлүүлэгч болон телевизүүдэд хэрхэн ашиглахыг сургаснаар зах зээлийн өсөлтөнд туслах юм” гэв.
Салман Данишийн хэлснээр Пакистаны суурин хэмжилтийн судалгааны хамрах хүрээ нь 2007 онд 3 хотод байсан бол 2014 онд 20 болтлоо нэмэгдсэн. Гэхдээ ихэнхи нь хөдөө орон нутагт амьдарсаар байгаа учраас хэмжилт нь нийт хүн амынхаа 50%-г ч хамарч чадахгүй байна.
Пиплметр хэрхэн ажилладаг талаарх ойлголтыг телевиз, зар сурталчилгаа нийлүүлэгчдэд хүргэх асуудал нь судалгааны хөгжилд чухал нөлөөтөй.
“Юуны түрүүнд үзэлтийн тухай өргөн хүрээний ойлголттой болохоос гадна, уг салбарын тоглогч нарт датаг хэрхэн ашиглахыг сургахад чиглэж байна” гэж Даниш хэлж байв. Харилцагчдын дийлэнх нь Пиплметрийг яаж ажилладаг, өгөгдөл цуглуулдаг, хүн амын төлөөлөл нь баталгаатай чанартай болж байгаа эсэх талаар ойлгодоггүй. Иймд зах зээлийг сургаж боловсруулснаар үйлчилгээ илүү бодитой хэрэглээнд орох юм.
Пакистаны үзэгчийн зах зээл нь төвөгтөй учраас хэмжилтийг хэрэглээнд оруулах нь тун бэрхшээлтэй асуудал юм гэж Салман Даниш хэлж байв. Пакистанд аналог кабель зонхилдог ба дунджаар 100-аас илүү суваг хүлээн авч үздэг тул санал асуулга ба өдрийн тэмдэглэлийн аргаар цогц болон хэсэгчилсэн үзэлтийн судалгааг авах нь төвөгтөй болж байгаа юм.
Олон дэлгэцийн үзэлтийг (1) хэмжих нь чухал хэдий ч Өрнөдийн орнуудтай харьцуулахад Пакистанд өргөн зурвасын сүлжээ тархаагүй учраас олон дэлгэцийн үзэлт бага байна.
Гэсэн хэдий ч Салман Данишийн хэлж буйгаар гар утасны 3G, 4G сүлжээ хөгжсөнөөр өргөн зурвас хүрэлцэхгүй байх бэрхшээлийг даван салбарын өсөлт гарна гэдэгт найдаж байна гэжээ. Энэ өсөлт нь өсвөр насныхан илүүтэйгээр таблет ашиглаж байгаагаар илэрч байна. Цаашид пиплметрийн судалгааны (panel) датаг АйПиТВ/тоон ТВ-ийн үзэгчийн (Return Path Data-RPD) дататай эсвэл, нийт хүн амын статистик (census) дататай нэгтгэснээр нэгдмэл (fusion) датагийн хэрэгцээ бий болно.
Олон дэлгэцийн үзэлтийн судалгаа нь чухал болох юм бол үзэлтийн дэлгэцнээс дэлгэц рүү хэрхэн шилжиж байгааг илүү анхаарч үзэх болно гэж Салман хэлж байв. Учир нь реклам зар сурталчилгаа онлайн хэлбэрт ороход зар сурталчилгаа нийлүүлэгчид илүү уян хатан бодит үр дүнг олж авдаг болно. Тэд контент нь тэдгээр дэлгэцүүд дээр хэрхэн яаж харагдахыг л хайж байгаа боловч, яг одоогоор бодит мэдээллийг авч чадахгүй байна гэж Салман Даниш хэлэв. Гэхдээ бид богино хугацаандаа анхдагч мэдээллийн үүсвэр болох пиплметрийн (хөндлөн) тархалтыг нэмэгдүүлэхэд анхаарна. Пиплметрээ өргөжүүлсний дараа датаг RPD төрлийн дататай нэгтгэхэд анхаарч, улмаар телевизийн зар сурталчилгааны зах зээлийн өсөлтийг нэмэгдүүлэх болно гэж тэрбээр нэмэв.
(1) Олон дэлгэцийн үзэлт гэдэг нь нэг контентийг телевиз, компъютер, таблет эсвэл гар утсын дэлгэцээр үзсэн нийт үзэлтийг хэмжих ойлголтыг хэлнэ.
Sorry, the comment form is closed at this time.