ТҮС (ТЕЛЕВИЗ ҮЗЭЛТИЙН СУДАЛГАА)ГЭЖ ЮУ ВЭ?
ТҮС (ТЕЛЕВИЗ ҮЗЭЛТИЙН СУДАЛГАА)ГЭЖ ЮУ ВЭ?
Ямар ч орны хувьд Телевиз нь мэдээ мэдээлэл, энтертайнмэнт болон реклам сурталчилгааны гол суваг гэх давуу байр сууриа хадгалсаар, бэхжүүлсээр байгаа билээ. Иймээс нэг талаас телевизийн үйл ажиллагаа эрхлэгчид, нөгөө талаас зар сурталчилгаа нийлүүлэгчид Телевиз үзэгчийн талаар оновчтой, тасралтгүй, нарийн мэдээлэлтэй байхыг хүсч байдаг.
Манай байнгын судалгааны нэг чиглэл болох Телевиз Үзэлтийн Судалгаа нь олон улсын жишигт нийцсэн судалгаа мэдээллийн үйлчилгээг харилцагчдадаа санал болгодог юм.
Судалгааны зайлшгүй хэрэгцээ
2005 онд буюу арав хүрэхгүй жилийн өмнө Улаанбаатар хотын хэмжээнд 6 суваг ажиллаж байжээ. Энэ үед үзэгчдэд хүрч буй сонголт харьцангуй бага байсан учир зар сурталчилгаа нийлүүлэгчид бусдаас сонссон сураг, өөрийн туршлага, мэдрэмждээ үндэслэн төлөвлөлт хийх боломж харьцангуй өндөр, эрсдэл бага байсан. Харин зарим нэг шалтгаанаар энэ тоо сүүлийн жилүүдэд огцом өссөн.
Олон суваг ажиллаж байгаа нь нэг талаас өрсөлдөөн бий болгож, зах зээл хөгжиж байгаагийн нэг илрэл мэт боловч зах зээл дээр мэдээлэл судалгааны найдвартай систем бий болоогүй тохиолдолд тодорхойгүй байдлыг улам дэвэргэх шалтгаан болсон. Энэ тохиолдолд мэдрэмжинд үндэслэж шийдвэр гаргах нь эрсдэл өндөртэй болж ирсэн юм.
Тодорхой судалгаа байхгүй байгаа нь зөвхөн зар сурталчилгаа нийлүүлэгчдэд хүндрэл үүсгээд зогсохгүй ТВ –үүдийн хоорондын өрсөлдөөний мөн чанарыг алдагдуулж байна.
Ийм нөхцөл байдалд зар сурталчилгаа нийлүүлэгчид ч, телевизийн сувгууд ч зах зээлийг илүү ил тод бол судалгаа мэдээлэл хэрэгцээтэй байгааг мэдэрч байсан бөгөөд тэрхүү хэрэгцээг бүрэн дүүрэн хангах боломжтой судалгааны систем нь манай компаний Английн Кантар Медиа компанитай хамтран нэвтрүүлсэн Телевиз Үзэлтийн Судалгаа билээ.
ТҮС бол нэгдсэн ханшийг тодорхойлогч
Зөвхөн рекламаар л олон тэрбум төгрөг эргэлддэг ТВ зах зээлийн хувьд тэрхүү зардлыг хамгийн үр дүнтэй байлгахад Телевиз Үзэлтийн Судалгаа чухал үүрэгтэй. Бидний байнга ярьдаг боловч мөн чанарыг нь төдийлөн ойлгодоггүй байсан рейтинг гэдэг үнэлгээг Телевиз Үзэлтийн Судалгаа бүрэн утгаар нь тодорхойлдог.
Рейтинг: Тодорхой хугацаанд тухайн суваг дээр цугларсан эх олонлогийн хувь хэсэг
ТВ сувгуудын хувьд рейтинг нь асар олон хүчин зүйлээс хамаарч минут тутам өөрчлөгдөж байх тул түүнийг алдалгүй хяналтандаа байлгахад Телевиз Үзэлтийн Судалгаа чухал нөлөөтэй. Энэхүү тоон үзүүлэлт нь дэвшилтэт технологи, аргазүйгээр баталгаажиж, нийтлэг хэрэглээнд орсноор зах зээлийн ханшийг тодорхойлогч болж хувирдаг.